ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРУУЛАХ ХУВЬ НЭМРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА.

Arkhangai.gov.mn

Архангай аймгийн Засаг дарга Д. Золжаргал AVSF байгууллагаас Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй ИМПАКТ төслийн удирдлагуудтай цахимаар уулзаж, төслийн үйл ажиллагаа, гарах үр дүнгийн талаар мэдээлэл сонслоо.
ИМПАКТ төсөл нь орон нутгийн эмэгтэйчүүд, иргэний нийгмийн байгууллагуудын манлайлал, оролцоог нэмэгдүүлж, тогтвортой ноолуур, органик ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Ингэхдээ үйлдвэрлэгч эмэгтэйчүүдтэй хамтран эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн тогтвортой ноолуур бэлтгэл, органик ногоо тариалалтын сайн туршлагуудыг хэрэгжүүлнэ. Ингэснээр нэмэлт орлогын боломжууд бүрдэж, улмаар эмэгтэйчүүдийг орон нутагт хүлээн зөвшөөрч, шийдвэр гаргахдаа түлхүү оролцуулж, дуу хоолойг нь сонсдог болох нөхцөл бүрдэх юм.
Төсөл хэрэгжсэнээр эмэгтэй үйлдвэрлэгчдийн мэдлэг, ур чадвар нэмэгдэж, байгаль орчин, бэлчээрийн доройтлыг бууруулах, органик хүнсний хангамжийг орон нутагт нэмэгдүүлэх бодит загваруудыг бий болж, орон нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах юм.
Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд дээрх сумдын жендерийн нөхцөл байдлын талаар суурь судалгаа хийж, бэлчээр ашиглагчдын хэсгүүд болон Хоршоод байгуулан бэлтгэлээ хангалаа. Төслийг Архангай аймгийн Цэцэрлэг, Жаргалант, Эрдэнэбулган сумдад аймгийн Засаг даргатай байгуулсан Санамж бичгийн хүрээнд AVSF, ЖЭРЭС ТББ болон Монголын эмэгтэйчүүдийн сан хамтран хэрэгжүүлж байна.