ЗАСАГ ДАРГА Д.ЗОЛЖАРГАЛ ИРГЭДИЙН АСУУЛТАД ХАРИУЛЛАА

Arkhangai.gov.mn

- Иргэдийн дундаас зарим нэг үйлчилгээг нээх хүсэлт ирүүлээд байна. 4 сарын 11 хүртэл Засаг даргын захирамжийн хугацаа дуусахад АОК дахин хуралдана. Банкны үйл ажиллагааны хувьд цахим банк ажиллаж байгаа. Мөн банкны ажилчдаас, тэдгээрийн хавьтлаас одоог хүртэл вирус илэрч байгаа тул нээж ажиллуулах боломжгүй.

- Шинжилгээний хариугаа авахдаа eruul.gerege.mn –д өөрийн регистрийн дугаараа хийгээд орохоор шинжилгээ өгсөн цаг хугацаа хариу гээд бүгд бүртгэгдсэн байгаа. Ачааллаас хамаараад сорьц уншуулах хугацаа 1,2 хоногоор хойшилж байна.

- 1-р сургуулийн хүүхдүүдээс 4 сарын 4, 5-нд шинжилгээ авахаар төлөвлөсөн. Гэхдээ ойрын болон дам хавьтал өдөрт 300-400 сорьц уншуулж байгаа учраас хойшлоод байна. Ачааллаа харж байгаад авна.

- Сайн дураар шинжилгээ өгөхөд үнэгүй. Гэхдээ одоогийн байдлаар сайн дураараа шинжилгээ өгөх ажил зохион байгуулаагүй байна. Батлагдсан тохиолдлуудын хавьтал тодорхойлох ажил амжилттай үргэлжилж, өдөр бүр хавьталд тодорхойлогдсон иргэдээс шинжилгээ авч, тусгаарлах ажил шат дараатайгаа хийгдсээр байна.

- Архи согтууруулах ундааг хориглох шийдвэр гаргаж болно. Хүнсний дэлгүүрүүд ажиллаж байгаа болохоор одоохондоо хориглоогүй. Гэхдээ иргэдийн ухамсартай л холбоотой.

-Цагийн байдалтай холбоотойгоор Ковидын тусгай эмнэлгийг нэмэгдүүлэх шаардлага үүсч өнөөдрийн байдлаар 126 ортой эмнэлэг бэлэн болгоод байна. Халдвартын болон хүүхдийн эмнэлгийн 62 ор нь хүнд, хүндэвтэр өвчтөнүүдээ авч эмчлэхээр тоноглосон ба Амбулаторийн хэсэгт дэлгэсэн 64 ор нь хөнгөнийг тусгаарлан эмчлэх хэсэг юм.

- Коронавирусын халдвар аймгийн төв Эрдэнэбулган суманд бүртгэгдсэнээс хойш аймагт гацсан иргэдийг бүртгэлжүүлж өнөөдрийн байдлаар 900 гаруй иргэнийг орон нутагт буцаасан билээ. Гэвч тодорхой бус шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн тасрахгүй байгаа нь бусад эрүүл бүсэд халдвар зөөвөрлөгдөн очих өндөр магадлал үүсээд байна. Хэдийгээр PCR-ийн шинжилгээг үндэслэж байгаа ч халдвар нууц үедээ байх магадлалтай гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна.

- Иймд 4-р сарын 02-ны өдрийн 18:00 цагаас эхлэн 4-р сарын 11-нийг хүртэл гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан. Иргэд та бүхэн захирамжийн шийдвэрийн дагуу бүх нийтийн хөл хорионы хугацааг дуусах хүртэл АОК, Шуурхай штабын ажилд хүндрэл учруулахгүй, асуудалд хүлээцтэй хандахыг хүсье.

- Хөдөлгөөн хийх иргэдэд дараах таван тохиолдолд зөвшөөрөл олгож байна. Үүнд:
1. Буян номын ажил гарсан бол,
2. Эрүүл мэндийн зайлшгүй шаардлагаар эмнэлгийн бичигтэй иргэд,
3. Улаанбаатар хотын харъяат иргэн зайлшгүй шаардлагаар буцах тохиолдолд,
4. Хүнс, шатахуун тээврийн нөөц бүрдүүлэлт,
5. Ачаа тээвэр зэрэг багтана.

- Эдгээр таван шаардлагад нийцэх хөдөлгөөн хийх бол АОК комисст хүсэлтээ гаргаж зөвшөөрөл авах ёстой бөгөөд нотлох баримтыг үндэслэн зөвшөөрөл олгох юм. Мөн PCR шинжилгээнд заавал хамрагдсан, шинжилгээний хариу бүрэн гарсан байх шаардлагатай юм.