ЭМ ЭМНЭЛГИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Arkhangai.gov.mn

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг “Эм эмнэлэгийн хэрэглэгдэхүүний тухай” хуулийн төслийн хэлэлцүүлгийг Архангай аймагт зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, УИХ-ын Тамгын газар, ЭМЯ, Эм эмнэлэгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Азийн хөгжлийн банкны төслийн нэгжийн төлөөлөл, аймгийн ЭМГ, Эрүүл мэндийн салбарын төлөөлөлүүд оролцлоо.

Энэхүү хуулийн төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх хэрэгслийг эрсдэлээр ангилан бүртгэх шинэ зохицуулалт оруулжээ.

Эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур болон эм үйлдвэрлэгч, импортлогчийн эмийн чанар, аюулгүй байдалд хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж, эмийн хяналтад нэгдсэн цахим программ хангамж нэвтрүүлэхээр тусгаад байна.

Түүнчлэн эмийн хангамж, хүртээмж, иргэдийн эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэхээр үнийн ил тод байдлыг хангах, гадаад дотоодын жишиг үнийг нэвтрүүлэх, түгээлтийн шат бүрт үнийг зохицуулах, иргэд шуудан илгээмжээр эмийг хүлээн авах эрх зүйн орчныг шинэчлэх зэрэг заалтуудыг хэлэлцлээ.