УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ, АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ ТӨХК-ИЙН ХАМТАРСАН БАГ ЭРДЭНЭБУЛГАН СУМАНД АЖИЛЛАЛАА

Arkhangai.gov.mn

Дулааны станц баригдаж ашиглалтад орох хүртэлх хугацаанд Цэцэрлэг хотын ард иргэдийн эрүүл мэндийн асуудалд анхааран ажиллахыг аймгийн Засаг дарга холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.

Энэ сарын 17,18-ны өдрүүдэд аймгийн удирдлагуудын хүсэлтээр Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Амгалан дулааны станц ТӨХК-ийн инженерүүдийн хамтарсан баг ирж ажиллалаа.

Ингэхдээ “Эх голомтын илч” ХХК-ийн төвлөрсөн халаалтын төвүүд, бие даасан нам даралтын зуух бүхий аж ахуй нэгж байгууллагуудын нөхцөл байдалтай танилцсан байна.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд хувийн хэвшил одоогийн байгаа төвлөрсөн халаалтын төвүүдэд үнс баригч утаа шүүгч тавих, шаталтын горимыг тодорхойлж тортог багатай нүүрс хэрэглэх, зуухнуудын экран хоолойг цэвэрлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлэх шаардлагатайг ажлын хэсгээс зөвлөв.

Цаашид дулааны станц баригдах хүртэлх хугацаанд Архангай аймгаас Улаанбаатар болон Амгалан дулааны сүлжээ ТӨХК-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж тодорхой ажлууд хийхээр төлөвлөөд байна.

Дашрамд дуулгахад Эрдэнэбулган сумын агаарын чанарыг “Цэцэрлэг-1” суурин харуулд өдөрт гурван удаа тодорхойлдог.

2021 оны 11 дүгээр сарын эхний 10 хоногийн байдлаар Цэцэрлэг хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад азотын давхар исэл /NO2/ 40 хувиар их, хүхэрлэг хий/SO2/ 33 хувиар бага гарсан байна.