ТАТВАРЫН БАЙЦААГЧДЫН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО

Arkhangai.gov.mn

Архангай аймгийн Татварын хэлтэс аймаг, сумын татварын байцаагч нартаа нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулж байна.

Зөвлөгөөний үеэр аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ц.Бадрах, Санхүү төрийн сангийн дарга Ж.Мөнхбат нар татварын байцаагч нартай уулзаж, санал солилцлоо.

ЗДТГ-ын дарга Ц.Бадрах:

- Татварын байцаагч та бүхэн олон түмэнтэй тогтмол харьцаж, татварын хууль, тогтоомжийг сурталчилж байдгаараа төрийн албан хаагчдын нүүр царай нь юм. Иргэдийг мэдээллээр хангах, шинэ хууль тогтоомжуудыг цаг тухайд нь мэдээлж ажиллах нь өнөө цагт та бүхнээс илүү их ур чадвар, туршлага, сэтгэл шаардагдаж байгаа. Хэдийгээр орон нутагт эрх мэдэл нь шилжиж, орон нутаг илүү эрх мэдэлтэй болж байгаа олон ажил байгаа ч татварын байцаагч нарын ажил төдий чинээ нэмэгдэж, ачаалал ихэсч байна. Зовлон бэрхшээл хаа хаанаа олон ч та бүхний хариуцлага, хандлагаас аймаг орон нутгийн ажил ихээхэн шалтгаалж байгааг ухамсарлан шамдан ажиллаарай хэмээн захилаа.

СТСХ-ийн дарга Ж.Мөнхбат:

- Аймаг сумынхаа хэмжээнд татвар төвлөрүүлэхэд оролцдог төрийн байгууллагуудтайгаа ажлын уялдаагаа нэгтгэж хамтарч ажиллах хэрэгтэй гэв.

Санал солилцох үеэр татварын байцаагч нар суманд ажиллахад машин техник, бичиг хэргийн зардлын бэрхшээл тулгардаг. Өнгөрсөн хугацаанд сумын байцаагч нар ихэвчлэн хувиасаа шатахуун, бичиг хэргийн зардлаа гаргаж ажлаа явуулж байсныг илэрхийлж байлаа.

Байцаагч нараас гарсан саналыг үндэслэн холбогдох шийдвэр, зөвлөмжийг сумдын Засаг дарга, Тамгын дарга нарт хүргүүлэхээ аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Бадрах хэллээ.